Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, санал солилцлоо. Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг /Түлэнхийн төв/- ийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, ашиглалтад оруулсанд талархал илэрхийлжээ. Тус барилга бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлэг болсон байна.
Харин цаашид Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулөх төлөвлөгөөтэй байна. Эдгээр эмнэлгийг барих газрыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил хийгдсэн хэдий ч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс энэ төслүүд дээр эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.