
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Хамба лам Д.Жавзандорж Бурхан багшийн их дүйчин өдөр сүсэгтэн олонтой уулзаж, “Ээжийн ачийг хариулах нь” сэдвийн хүрээнд ном айлдлаа. Тэргүүн хамба лам Д.Жавзандорж номын айлдварын эхэнд хүн бүр өдөр болгон нэг минут ээжийнхээ ачийг бодож, өөрт нь ямар сайн зүйл хийж байсныг бодож байхыг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрсдийн ээж дээрээ энэ тухай бодож, бид ээжийнхээ ачийг хариулахын төлөө хэр хичээл зүтгэл гаргадаг талаар ч сайтар ухааран бодох нь зүйтэй гэдгийг хэллээ.
Өдөр бүр нэг минут ээжийнхээ ачийг буюу өөрт тань ямар сайн зүйл хийж, хэрхэн өсгөж торниулж байгааг бодоод байвал нэг өдөр ээжийнхээ ачийг ухаардаг гэж байна. Иймийн тулд хүн өөртөө их үнэнч байх хэрэгтэй. Ээжийгээ бурхан болсны дараа ачийг нь бодох биш одоо өдөр бүр ээжийнхээ ачийг бодвол нэг өдөр ээжийнхээ ачийг ойлгож ухаардаг байна.
Дараагийн нэг зүйл нь хүн өөрөө аав ээж болоод ирэхээрээ ээжийнхээ ачийг бодож ойлгодог байна. Тиймээс аав ээжийн ачийг хариулахад би юу хийсэн бэ гэдгээ өөрөөсөө байнга асууж байхыг Тэргүүн хамба даалгалаа. Зарим хүн ээжтэйгээ эсвэл аавтайгаа өссөн байж магадгүй. Тиймээс та бүхэн 30 секунд “Би ээжийнхээ ачийг хариулах оролдлого хийсэн үү. Хийсэн бол юу юу хийсэн билээ” гэж бодоорой гэдгийг номын айлдварынхаа үеэр хэлсэн байна.
Биднийг бага байхад шүүдрийн усыг цуглуулж цай чанаж өгвөл ээжийн ачийг хариулсан гэж үздэг байсан. Тиймээс ч “Бид хөдөө шүүдрийн усыг цуглуулах гэж үзсэн. Маш хэцүү байдаг. Гэхдээ хожим бодоход шүүдрийн усаар цай чанаж өгөөд ч ээжийн ачийг хариулах боломжгүй юм байна гэж бодсон” хэмээлээ. Ээжийн ачийг хариулах боломжтой юу гэхэд номын айлдварт сууж буй зарим хүүхдүүд “боломжгүй” гэж хариулсан бол зарим хүүхэд “Ээжийгээ ажлаасаа ирэхэд хоол, цай хийгээд өгвөл ачийг нь хариулж байгаа хэлбэл мөн” гэж хариулж байсан юм.
Бурхны номонд ээжийн ачийг хариулах боломжтой гэсэн хариулт байдаг. Харин ээжийн ачийг хариулсан хэн байгаа юм бэ гэсэн асуулт ч байдаг байна. Тэгвэл бурхан багш энэ өдөр ээжийн ачийг хариулсан гэж үздэг. Хүн нэг удаа ээжийгээ баярлуулах нь ээжийн ачийг хариулж байгаа хэлбэр мөн. Гэхдээ энэ нь ачийг нь төгс хариулж чаддаггүй. Ээжийнхээ ачийг бүрэн хариулсан хүн бол бурхан багш. Яагаад гэвэл ээж хүн юм бодох, юм сурах энэ биеийг тань төрүүлж өгсөн. Энэ биеийг хамгийн дээд түвшинд хөгжүүлж чадвал ээжийн ачийг хариулсан хэлбэр болж чаддаг гэж үздэг байна.
Дараагийн нэг хэлбэр нь ээжийгээ муу зүйл амсахааргүй, хол ангижруулж өгвөл ээжийн ачийг төгс хариуллаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ээжийнхээ төрүүлж өгсөн биеийг хамгийн дээд түвшинд төгс болгож өсгөх, түүгээрээ ээжийгээ зовоохгүй болгож чадвал ээжийн ачийг төгс хариуллаа гэж бурхны шашинд үздэг байна.