
Ард түмний хайртай хүү нэр авч, төв талбайд залуустай жагсаж явсан үе саяхан. Гэвч алдар нэр, эрх мэдэл, хэмжээгүй их эд хөрөнгө хүнийг нүдгүй сохор, чихгүй дүлий болгодгийн жишээг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биеэрээ үлгэрлэж байна. “Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөртэйгээ ч тэмцэхийг хэлнэ” гэж тэрээр ядарсан ард түмнээ хуурч байжээ.
Монгол Улсын авлигын индекс буураагүй, нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн алба, улс төрийн намуудад үүрлэсэн авлигын хэмжээ асар их байгаатай холбоотой гэж олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллагаас мэдээлсээр байтал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүний эсрэг улс төрийн зоригтой шийдвэр гаргаж чадалгүй явсаар 4 жилтэй золгож байна.
Тэрээр кабинетаа эрч хүч, шударга ёс, үнэний төлөө цохилох зүрхтэй улс төрчдөөр дүүргэхийн оронд энэ улсын хамгийн их мөнгөтэй, хамгийн олон жил улс төрд бугшсан, гараас нь юу ч гарахаа больсон, ард иргэдийг хулхидаж, худлаа ярьдгаараа алдартай, олигархиудын үр хүүхдээр дүүргэж өөрийгөө хүрээлүүлсэн нь ард түмний төлөө зөв шийдвэр гаргахаасаа илүү Ерөнхий сайд өөрийнхөө суудлыг авч үлдэх гэсэн явуургүй, жижигхэн бодол байсныг цаг хугацаа харуулж байна.
Саяхан Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номин “Тэрэлжсүйх” ХХК-ийнхаа Тэрэлж зочид буудалд МАН-ын дарга нар, гишүүд, Засгийн газрын гишүүдийг цуглуулж, 2025 оны төсвийн хэлэлцүүлэг хийхдээ төсвөөс 50 сая төгрөг авсан нь илчлэгдлээ. Ард иргэдээс сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа гишүүд эрх ямба эдэлж, тусгайлан бэлтгэсэн зочид буудалд төсвийн төсвийг уншиж танилцаж байгаа нь төрийн түшээд ард түмнээсээ төө алхам зөрж, холдсоныг харуулж байна.
2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хариуцлагагүй ажилласан сайдад УИХ биш Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцдог механизм хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг үрэн таран хийж, хайр гамгүй хандсан Ч.Номинд Ерөнхий сайд хариуцлага тооцох бүрэн эрхтэй. Эс бөгөөс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүд гаргаж тавих ёстой юм. Харамсалтай нь, УИХ-ын гишүүд 100 хувь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших болсон нь УИХ, Засгийн газар нэг нэгэндээ хяналт тавих гол эрх мэдлийг Үндсэн хуулиар үгүй хийсэн байдаг.
Ингээд Монгол Улсын хамгийн залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэж чадахгүйгээр барахгүй хажуудаа байгаа хулгайчийг ч танихгүй болтлоо эрх мэдэлд эрдэж, ямба аяг нь дэнджээ.
Үндсэн хуулийг ч бусад хуулийг ч уландаа гишгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэнд ч үг хэлж чадахаа байгаад асуудлыг чимээгүй л ажигладаг нэгэн болж хувирсан буюу үүнийг улс төрчид “шүдгүй арслан” хэмээдэг билээ. Тэрээр Монголын хамгийн залуу “шүдгүй арслан” болж хувираад байна.