Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох уу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “шүд” сугалах уу гэдэг асуудал түүнийг Шанхайд байхад яригдаж, улс төрийн хүрээнийхэн дор бүрнээ таамаг дэвшүүлж байв. Энэ хугацаанд УИХ 126 гишүүнтэй болсон нь дэвшилт үзэгдэл гэж магтан сайшааж, Л.Оюун-Эрдэнийн талын зарим залуу гишүүд 2025 оны төсөв шүүмжилж, УИХ руу дайрах зэргээр үйл явдал өрнөсөн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 20 гаруй гишүүн, Засгийн газрын арваад сайдтай Шанхайд хуралдаж, эхний ээлжинд олны дургүйцлийг хүргэж, асуудал дагуулсан Ч.Номинг огцруулж, АН-ын хүслийг гүйцээж дэд сайдуудаа томилно гэсэн бор шувуу нисэж байсан ч түүнийг Монголд газардсан даруйд асуудал нам гүм болов. Энэ бол их нүүдлийн өмнөх нам гүм байжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсчдийн жагсаал дээр гарч ирээд тэдний шаардлагыг биелүүлнэ гэж амлахдаа “Тогтолцооны өөрчлөлт хийнэ” гэсэн байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулиар реформын шинжтэй өөрчлөлт хийхээс илүү 76 даргыг 126 дарга болгох арга заль ашигласныг Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн овжноор ашигласан байдаг. Тэрээр хойд бүсээс ялалт байгуулаад зогсохгүй тойрог болон жагсаалтаар өөрийн хүмүүсээ УИХ-д хангалттай оруулж ирсэн нь бөхөж унтарч байсан АН тэр дундаа Жэнко Баттулгад улс төрийн амь өгсөн өөрчлөлт болон хувирсан юм. Түүнээс биш 76-г 126 болголоо гээд ард иргэдийн амьдрал сайжраагүй, засаг замбараагүй гажуудсан тогтолцоонд ямар ч өөрчлөлт ороогүй билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Шанхайгаас ирээд Их тэнгэрээс огт хөдөлсөнгүй. Тэрээр МАН болон АН-ын гишүүдээс дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах хүмүүсийн нэрийг авч, УИХ дахь кнопны тоогоо нэмэхээр зэхэж байна. Шанхайд хамт явсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу боргуулж, түүнд хариуцлага тооцуулах тухай хөндсөн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намаасаа урваж, Женкод амь өглөө гэдгийг бататгах үйлдэл болжээ. Энэ нь Д.Амарбаясгаланг ҮХЦ-ээр Үндсэн хууль зөрчсөн болгож Ц.Нямдоржийн араас илгээх гэсэн үйлдэл юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу АН-ын дарга Л.Гантөмөрийн баруун гар бөгөөд тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүн болохыг улсчид удаа дараалан хэлж байсан юм. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сайн харилцаатай боловч хамтарсан Засгийн газар байгуулсан цагаас эхлэн тэдний харилцаанд сэв суусан гэхэд хилсдэхгүй байна. 126 гишүүнтэй болсон УИХ хууль батлах чадамж урьд өмнөхөөсөө суларч, эмх замбараагүй, хөл толгой нь олдохоо байсныг ард түмэн харж, шүүмжилж байна. МАН-ын 32, 33-ын бүлэг гэж 2016 онд байсан шиг одоо Оюук ба Жэнкогийн талынхан, У.Хүрэлсүх ба Д.Амарбаясгалан нарын тал гэж талцаж эхэлжээ. Нэг үгээр, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах уу, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түрүүлж унагаах уу гэдэг уралдаан Төрийн ордонд яригдаж эхэлсэн байна. Үүнийг Өвсгүй талын цусгүй тулаан гэж нэрийдэж болох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр “дэвшүүлээгүй”. Улс төрийн өрсөлдөгчөөсөө салж, амар жимэр байхад Жэнко Баттулгад дахин амь өгсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах галт тэргийг нэгэнт хөдөлгөжээ.
Ингээд УИХ-д байгаа 126 гишүүдийн кнопыг тоолж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах ордны хуйвалдаан хүчээ авсан байна. Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн талынхан буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болж, УИХ-ын даргаар С.Амарсайхан томилогдох тохироо бүрджээ.