2024 оны орон нутгийн сонгууль өнгөрсөн аравдугаар сард болж дууссан. Энэ сонгуулиар Булган аймаг 14 суудал нь АН, 15 суудлыг МАН авсан. Тэгвэл Аймгийн анхдугаар төлөөлөгчдийн хуралдаанаар МАН-аас төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Насандуламыг ИТХ-ын даргаар 14, 15-ийн харьцаатай сонгож томилсон. Тэгвэл Булган аймгийн Засаг даргад АН-аас Б.Ариун-Эрдэнэ, МАН-аас Д.Пүрэв-Очир нар өрсөлдөж мөн 14х15-ийн харьцаагаар МАН-аас төлөөлөгчөөр сонгогдсон Д.Пүрэв-Очирыг Засаг даргад дэмжсэн. Ингээд Булган аймаг зарим томилгоо хийж эхэлжээ. Булган аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Пүрэв-Очир төрийн албанд гурван жил ажилласан гэх шалгуурыг давахгүй байна гэсэн шүүмжлэлд өртсөн бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын хүн гэгддэг билээ.
Тамга тэмдгээ хүлээн авсан Засаг дарга Д.Пүрэв-Очир зарим томилгоог хийж байна. Тухайлбал, Булган аймгийн Засаг даргын орлогчоор Булганы МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байсан Б.Юмжирмааг томилохоор болжээ. Б.Юмжирмаа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн баруун гар төдийгүй, ойрын харилцаа холбоотой гэдгийг нутгийнхан нь мэдээлдэг байна.
Харин Булган аймгийн Засаг даргад МАН-аас төлөөлөгчөөр сонгогдсон Э.Мөнх-Очир өрсөлдөхөөр зэхэж байсан ч Ж.Бат-Эрдэнийн талынхан түүнд Булган аймгийн Тамгын газрын дарга болон МСҮТ-ийн захирлын албан тушаалыг санал болгосноор Засаг даргад өрсөлдөхгүй, нэрээ татжээ.