Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайдууд, УИХ-ын гишүдүийн хамт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлаар хэлэлцсэн. Ингээд Засгийн газар УИХ дахь намын бүлгүүдэд төмөр замын хил холболтын талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн байна. Гашуунсухайт Ганцмодны боомтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл давхар яригдах юм. Хэрвээ төмөр замын хил холболтоо шийдэж чадвал манай улсын нүүрсний экспортыг 120 сая тоннд хүргэх боломжтой гэж танилцуулсан байна.
Гашуунсухайт боомтын 233,6 км төмөр замыг монгол улс өргөн царигаар барьсан. Гэвч БНХАУ-ын тал төмөр замын нарийн царигтай байдаг нь бараа бүтээгдэхүүний экспорт, импортод хамгийн том саад болж байгаа бүтээн байгуулалт болоод байна. тиймээс засгийн газрын түвшинд БНХАУ-тай хэлэлцээ хийж, төмөр замын нарийн , өргөн царигийг тодорхой болгож, хил холболтыг шийдвэрлэх яриа ийнхүү гараад байгаа юм. Төмөр замын цариг өргөн байх уу, нарийн байх уу гэдгийг өнгөрсөн хугацаанд хаалттай хэлэлцсээр ирсэн юм.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг Монголын талаас өргөн, хятадын талаас нарийн царигаар шийдэж, хил холболтын цэг дээр бараа бүтээгдэхүүнийг ачиж буулгах терминал ажиллуулах зэргээр ярьж байгаа юм. Хамгийн гол нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед төмөр замын төрөөс баримтлах бодлогод Монгол Улс өргөн царигтай байна гэж шийдсэн. Тэгвэл Төмөр замын өргөн царигтай байх баримт бичгийг өөрчлөөгүйгээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.